Гоо сайхны олимп гэгдэх “Дэлхийн мисс-2025” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох Үндэсний ялагч миссээр Б.Эрдэнэсувд тодорсон. Тэрбээр үндэсний бөхийн удамтай айлын охин буюу улсын харцага Гэлэгжамцын Батбаярын охин гэнэ. Энэ жилийн “Дэлхийн мисс” 72 дахь удаагийн тэмцээнийг Энэтхэг улсын Теленгана хотод ирэх тавдугаар сарын 7-ноос 31-ний хооронд зохион байгуулах гэж байна.
Тэрбээр 2023 оны “Монголын сайхан бүсгүй” уралдааны шүр эрдэнээр тодорч, тэр жилдээ “Дэлхийн мисс” тэмцээний үндэсний ялагч тодруулахад дэд байрын эзэн болж байв.
Энэ жилийн үндэсний ялагч Б.Эрдэнэсувд нь МУИС-ийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн улс төр судлал болон Хууль зүйн сургуулийн эрх зүй хос мэргэжлээр суралцдаг аж.
“Дэлхийн мисс”-ийн тэмцээн бол олон улсын гоо сайхны тэмцээнүүдээс хамгийн нэр хүндтэй тэмцээн. Анх 1951 онд Их Британийн Эрик Морли зар сурталчилгааны байгууллага зохион байгуулснаас хойш тив, дэлхийн тэмцээн болтлоо өргөжсөн гэдэг. Монгол Улс анх 2005 онд “Дэлхийн мисс” тэмцээнд оролцож эхэлсэн бөгөөд тухайн үед загвар өмсөгч, мисс Б.Хонгорзул эх орноо төлөөлөн оролцсон юм. Харин 2006 онд Э.Сэлэнгэ, 2007 онд Г.Оюунгэрэл, 2008 онд Ч.Ану, 2009 онд Б.Батцэцэг, 2010 онд А.Сарнай, 2011 онд Ө.Буянхишиг нар оролцож байжээ.






