Улсын их баяр наадмын үзүүр түрүүнд Улсын начин Э.Батмагнай, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нар шалгаран барилдлаа.
Шөвгийн дөрөвт Дархан аварга Н.Батсуурь аймгийн хурц арслан Н.Өсөхбаярыг амласан. Хав золгооноос аймгийн арслан ганцхан баруун тахимдаад, Дархан аваргыг давлаа. Тэгвэл Улсын начин Э.Батмагнайг хөл дохиод буцахад Улсын аварга П.Бүрэнтөгс хий дарж, унасан юм.
Ийнхүү Улсын начин, аймгийн хурц арслан хоёр улсын наадмын үзүүр, түрүүнд үлдсэн нь бөхийн түүхэнд маш ховор тохиох явдал боллоо.
Үзүүр, түрүүний барилдаан хоёр минут гаруйхны хугацаанд болж өнгөрлөө. Н.Өсөхбаяр толгой уургалаад гаргахааргүй сайн дарж, хариугүй өвдөглүүлчих дөхсөн ч Э.Батмагнай хүнд байдлаас гарч ирсэн төдийгүй тэр даруй гар ачин давж, түрүүллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, түрүүлсэн Баянхонгор аймгийн Жинст сумын уугуул, Улсын начин Э.Батмагнайд УЛСЫН АРСЛАН, үзүүрлэсэн Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр УЛСЫН ГАРЬД цол олголоо.







