Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн 2025 оныг “Ахлах офицерын жил” болгон зарласантай уялдуулан, мөн олон улсын Ахмадын өдрийг тохиолдуулан Өмнөд бүсийн Онцгой байдлын байгууллагаас ахмад ажилтнуудаа хүндэтгэн угтах “Өглөөний түүхийн гүүр” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
Арга хэмжээнд Говийн бүсийн төв – Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа М.Адъяабаатар, Онцгой байдлын байгууллагын ахмадын холбооны ерөнхийлөгч, бэлтгэл хурандаа С.Залуухүү, Өмнөд бүсийн Онцгой байдлын байгууллагын ахмадын зөвлөлийн дарга нар болон холбооны гишүүд, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын офицер бүрэлдэхүүн оролцов.
Арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Онцгой байдлын байгууллагын ахмадын холбооны ерөнхийлөгч, бэлтгэл хурандаа С.Залуухүү ахмад офицеруудын хуримтлуулсан туршлага, мэдлэгийг залуу үед өвлүүлэн үлдээх, хамтын ажиллагааг бэхжүүлэх нь байгууллагын цаашдын хөгжилд чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэлээ.
Уулзалтын үеэр ахмад офицерууд Онцгой байдлын байгууллагын хөгжил, бэхжилтийн төлөөх олон жилийн хөдөлмөр, зүтгэлийнхээ талаар дурсамж хуваалцаж, залуу алба хаагчдад зөвлөгөө, санал бодлоо илэрхийллээ. Харин залуу үеийн төлөөлөл ахмадуудын үнэт туршлага, сургамжийг анхааран сонсож, албандаа улам үнэнчээр ажиллах урам зориг авсан нь арга хэмжээний үр дүн байв.
“Өглөөний түүхийн гүүр” арга хэмжээ нь ахмад үеийн туршлага, залуу үеийн эрч хүчийг хослуулж, байгууллагын хамт олны эв нэгдэл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, үе дамжсан залгамж холбоог бататгах чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.


ЭРСДЭЛГҮЙ ӨМНӨГОВЬ-БИДНИЙ ИРЭЭДҮЙ






